Энд их зүйл байхгүй.
Зүгээр л үгс.
Та одоо уншиж байна.
Бид чамин дизайн, олон төхөөрөмжид нийцүүлсэн зохион байгуулалт болон элдэв зүйлийн ид шидтэй скрипт гэх мэт зүйлсийг хэт их анхаардаг болсон.
Гэвч вэб дээрх хамгийн хүчирхэг хэрэгсэл нь үг юм.
Би эдгээр үгсийг бичиж, та уншиж байгаа нь: зүгээр л гайхамшиг.
Би Бритиш Колумбиагийн нэгэн жижиг хотод байна; та хаа нэгтээ өөр газар байгаа байх. Би үүнийг 2013 оны 6-р сарын 20-ний өглөө эрт бичсэн; харин та үүнийг өөр цаг үед уншиж байж таарна. Би үүнийг өөрийн зөөврийн компьютер дээр бичсэн; харин та үүнийг өөрийн гар утас ч юм уу таблет эсвэл компьютер дээрээс уншиж байгаа байх.
Би үүнийг бичиж, та уншсанаар бид хоёр холбогдох боломжтой болж байна. Үүнийг л вэб гэдэг шүү дээ. Бид өөр өөр газарт, өөр өөр төхөөрөмжүүд дээр, мөн өөр өөр цагийн бүсэд байгаа хэдий ч энэ л энгийн HTML хуудасны тусламжтай холбогдож чадаж байна.
Би үүнийг текст эдитор дээр бичсэн. Хэмжээ нь ердөө л 6 KB. Надад Контент Менежмент Систем ч юм уу график дизайнер, эсвэл програм хангамж хөгжүүлэгчийн хэрэг байгаагүй. Энэ хуудсан дээр олон код байхгүй, зөвхөн догол мөр болон бүтцийн мөн тодотгох үүрэгтэй энгийн HTML тэмдэглэлүүд л бий.
Би охиндоо 8 настайд нь HTML код хэрхэн бичихийг зааж байснаа санаж байна. Түүний анхны бичсэн зүйл нь хэрэмний тухай түүх байсан. Тэгэхдээ миний охин "HTML бичиж" байгаадаа ч биш харин хорвоо дэлхийтэй ямар нэг зүйлийг хуваалцаж байгаадаа баяртай байсан. Гэрийнхээ компьютер дээр бичиж оруулсан зүйлcийг нь дэлхий даяараа үзэх боломжтой гэдэгт нэг л итгэхгүй байсан. Тиймээс ч миний охины гол анхаарч байсан зүйл нь HTML биш харин өөрийнх нь бичих түүхүүд байсан.
Та одоо ч уншсаар л байна.
Энэ мэт энгийн хуудасны тусламжтайгаар хийж болох бүх зүйлсийн тухай бодоод үз л дээ. Хэрэв та бизнес эрхлэгч бол ямар нэгэн юм зарж болох юм. Хэрэв та багш бол ямар нэг зүйл зааж болно. Хэрэв та уран бүтээлч бол өөрийн бүтээлүүдээс толилуулж болох юм. Таны үгс л сайн бол хүмүүс тэднийг унших болно.
Хэрэв та вэб дизайнер эсвэл тэдэнтэй ажиллаж байгаа үйлчлүүлэгч нь бол би таныг хамгийн түрүүнд үгсийн тухай бодоосой гэж хүсч байна. Загварын баримт бичиг ч юм уу Photoshop дүрслэлийн оронд хуудас дээрээ бичих үгсээсээ эхлээрэй.
Таны хэлэх гэсэн зүйл юу вэ? Хэрэв та хэлэх гэсэн зүйлээ мэдэхгүй байгаа бол дизайн болон бусад зүйлсийг хичнээн сайн хийсэн ч ямар ч үр ашиггүй. Харин нэг зүйлд зориулсан нэг хуудаснаас л эхлээрэй. Тухайн зүйлээ бич, бичсэнээ вэб дээр байршуул, тэгээд яг энэ маягаар үргэлжлүүл. Та ямар нэг зүйлийг нэмэх бүртээ өөрөөсөө асуу: Энэ нь илүү сайн харилцахад надад хэр тус болж байна вэ? Энэ нэмэлт загвар, зураг, эсвэл холбоос нь олон нийтэд илүү ойлголт өгөх үү? Хариулт нь "үгүй" бол битгий нэм.
Вэб дизайны мөн чанар нь үг юм. Үг бол, дизайныг хийж гүйцэтгэсний дараа л бодож үздэг зүйл биш. Үг бол дизайны эхлэл, гол төв, гол дүр нь юм.
Үгээр эхэлцгээе.
Хүндэтгэсэн,
Justin Jackson
Translator: Ochbadral Bat-Erdene – English version